Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

2015 оны 6 дугаар сарын 29-30-нд тохиосон Бодончын хавцалын их үерийн тооцоо, сургамж

Шинэчлэгдсэн: 2024-11-29 06:17:32

2015 оны 6 дугаар сарын 29-30-нд тохиосон Бодончын хавцалын их үерийн тооцоо, сургамж

1З.Бахатбол, 2Д.Оюунбаатар

1Ховд аймгийн УЦУОШТ-ийн усны инженер

2УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ЭШТА

 

Хураангуй

2015 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Бодончийн хавцлаар онцгой гамшигт үер өнгөрч, хавцлыг дагуулан барьж байсан хатуу хучилттай замын зарим хэсгийг эвдэн сүйтгэж, замын ажлын хараахан барьж дуусаагүй хэсэгт ажил үргэжлүүлэх боломжгүй болгож улмаар Алтай сумын чиглэлд байсан ус судлалын Бодонч-Бодонч харуулын зарим төхөөрөмжүүд үерт урссан алдагдсан болно. Үерийн гол шалтгаан Бодончийн хавцлын эх, ууландаа 6 дугаар  сарын  27-29-ны өдрүүдэд их хэмжээний бороо орсноос шалтгаалан, хавцлын их хэвгийн, гулдрилын тахирлалтад үерийн ус улам эрч хүчээ нэмэн хавцлын адаг руу сүйтгэл ихтэй болж ирсэн байдаг.

Энэхүү үерийн хэмжээг үерийн мөрөөр үнэлэх тогтоох судалгааны ажлыг 9 дүгээр сард зохион байгуулж, улмаар хэд хэдэн чиглэлд үерийн хэмжээг үнэлсэн болно. Үерийн дараа хяналты хэмжилт хийх, үерийн их мөрөөр их түвшинг тогтоон, гулдрилын дүрс зүйн үзүүлэлтүүдийг тодорхойлон улмаар үерийн их хэмжээг Шезийн аргаар тооцсон болно. Мөн Бодонч голын олон жилийн урсацын хувьсал өөрчлөлтийг ус судлалын харуулаар олон жилийн мэдээгээр илэрхийлж, сав газрын дүрс зүйн үзүүлэлтүүдийг тодорхойлон, сав газрын уур амьсгалын нөхцлийг тоймлон оруулав. 

           Оршил, Бодончийн голын сав газрын уур амьсгалын нөхцөл болон голын горим, усны нөөц

Уур амьсгал: Уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг бол агаарын температур юм. Монгол орон Ази тивийн эх газрын төв хэсэгт орших учраас өвлөөс зунд, өдрөөс шөнөд температур их хэмжээгээр хэлбэлзэх дулааны горимын үндсэн онцлогтой эх газрын эрс тэс уур амьсгалтай. Алтай сумын  олон жилийн агаарын дундаж температур нь 1.4оС бөгөөд 2000-2015 оны агаарын температурын хандлагын өөрчлөлтийг графикаас харахад: Алтай  суманд сүүлийн 15 жилд агаарын дундаж температур нь 3.4оС буюу олон жилийн дундажаас  2.00С-аар дулаарчээ. 

Агаарын дундаж температурын олон жилийн явцаас харахад хамгийн халуун болдог 7 дугаар сарын агаарын дундаж температур нь 6 болон 8 дугаар сарын агаарын дундаж температураас 1.8-2.2 градус, 5 болон 9 дүгээр сарын агаарын дундаж температур 1.3 градус, 4 болон 10 дугаар сарын агаарын дундаж температур 2.8 градусаар дулаарсан.

2000-2015 онуудын олон жилийн нийлбэр хур тунадас нь 1179.4мм тунадас орсон байна. Сард орсон хамгийн их хур тунадасыг авч үзвэл 2005 оны 08-р сард 69.4 мм тунадас унажээ. Жилийн нийлбэр хамгийн их тунадас 2013 онд 142.9 мм тунадас унасан байна. 2010,2015 онуудад тунадас ихтэй жилүүд байсан ба 108.2-123.1мм хур тунадас оржээ.

Алтай сумын хур тунадас нь жилийн дотор харилцан адилгүй хуваарилагддаг бөгөөд дулааны улиралд жилийн нийлбэр хур тунадасны ихэнх хувь нь, харин хүйтний улиралд багахан хувь нь оржээ.

Жилийн хамгийн их утга нь өвлийн саруудад ажиглагдах ба хавар чийгийн хамгийн бага утга ажиглагдсан байна. Хоногийн явцад агаарын харьцангуй чийгшлийн их утга нь  өглөө үүрээр, бага утга нь их үдэд ажиглагдсан байна.

Харьцангуй чийгийн олон жилийн явцаас харахад:  2003 оноос эхлэн чийгийн  бууралтын эрчимшил нэмэгдэх хандлага ажиглагджээ.

Бодонч гол мөрний сүлжээ,усны горим,нөөц:Бoдoнч гол Aлтaй нурууны өврийн Бөөрөг нуурын даваа (3421 м), Бугат уул (3586 м), Модотын дөрөлж (3452 м)уулсаас эx aвaн Давсан Хуурай хотгорт (говьд) шургана.Бoдoнч гoлын нийт ус хурах тaлбaй 6462 км2, урт 197.4 км, дундаж хэвгий 0.0100, голын сүлжээний нягт бага 0.13 км/км2 болон ус хурах талбайн дундаж өндөр 2177.9 м болно. Харин ус судлалын харуулаар Бодонч-Бодонч ус хурах талбай хэмжээ 2431 км2байна. Бодончголын олoн жилийн дундaж өнгөрөлт хавцлын адагт 1.44 м3/с байна.

Бодонч гол хаврын шар ус, зуны хур борооны үерийн горимтой гол бөгөөд шар усны үерийн хэмжээ, хур борооны үерийг давах нөхцөлтэй. Ажиглалт хэмжилт бүхий 30 жилийн мэдээ материалаас үзэхэд шар усны үерийн хамгийн их хэмжээ 22.2 м3/с бол хур борооны үерийн хамгийн их хэмжээ 17.7 м3/с байх жишээтэй. Бодонч голын усны түвшний хэлбэлзэл дунджаар 40-70 см байх ба их үерлэсэн үед түвшний хэлбэлзлийн агууриг 150-160 см хүрнэ.

Бодонч гол дээр Монгол улсын УЦУ-ын байгууллагын шугамаар анх 1981 онд Алтай сумын чиглэлд (92o 52 , 46o 05’) ус судлалын харуул байгуулан, тухайн голын усны горим нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэмжиж, судлах болсон бөгөөд энэхүү харуул нь Ховд аймгийн УЦУОША-нд харъяалагддаг болно.

Бодонч голын 1983‑2017 оны 35 жилийн материалаас урсацын явц, хандлагыг тодорхойлов.

2015 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Бодончийн хавцлаар онцгой гамшигт үер өнгөрч, хавцлыг дагуулан барьж байсан хатуу хучилттай замын зарим хэсгийг эвдэн сүйтгэж, замын ажлын хараахан барьж дуусаагүй хэсэгт ажил үргэжлүүлэх боломжгүй болгож улмаар Алтай сумын чиглэлд байсан ус судлалын Бодонч-Бодонч харуулын зарим төхөөрөмжүүд үерт урссан алдагдсан болно. Энэхүү үерийн хэмжээг үерийн мөрөөр үнэлэх тогтоох судалгааны ажлыг 9 дүгээр сард зохион байгуулж, улмаар хэд хэдэн чиглэлд үерийн хэмжээг үнэлсэн болно. Үерийн гол шалтгаан Бодончийн хавцлын эх, ууландаа 6 дугаар  сарын  27-29-ны өдрүүдэд их хэмжээний бороо орсноос шалтгаалан, хавцлын их хэвгийн, гулдрилын тахирлалтад үерийн ус улам эрч хүчээ нэмэн хавцлын адаг руу сүйтгэл ихтэй болж ирсэн байдаг.  Хамгийн ойрхон Мөнх хайрхан өртөөний мэдээгээр VI.27-30-ны өдрүүдэд 42.4 мм хур тундас орж, үүнээс 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд  38.0 мм орсон бол Алтай суманд 7.4 мм орсон байдаг. Ер нь бүс нутгийн хоногийн их тунадас 30-60 мм байх ба Алтай сум орчим 25-40 мм болж багасна.

Арга зүй, ашигласан мэдээ, материал

Янз бүрийн түвшин дэх өнгөрөлтийг гидравлик зарчим дээр үндэслэгдсэн Шези-Маннингийн аргаар тооцсон ба зарим үед энэ аргыг хэвгий-талбайн арга гэж нэрлэх нь бий.

            Энэхүү аргад урсгалын хурдыг хэвгий болон адраашлаас хамааруулсан эмпирик тэгшитгэлээр тооцох бол хөндлөн огтлолын талбай болон хэвгийг хөндлөн чиглэлд нивелирдлэг хийж тодорхойлдог зарчимтай. Тодорхой түвшин дэх өнгөрөлтийг дараах томьёогоор тооцно.

 

()

 

Үүнд: V-урсгалын хурд, м/сек; R-гидравлик радиус, S- усан гадаргын хэвгий, харьцангуй нэгжээр, A-хөндлөн огтлолын талбай, м2, C-Шэзийн итгэлцүүр,  n-гулдрилын адраашил; Q-өнгөрөлт, м3/сек

            Энэхүү аргад голын өнгөрөлт голын гулдрилын адраашлаас ихээхэн хамаарч түүний сонголтоос тооцооны нарийвчлал ихээхэн хамаарна. Гулдрилын адраашлыг сонгох талаар янз бүрийн гарын авлага, зөвлөмж байх ба байгалийн ердийн гол, гулдрилын хувьд ойролцоогоор 0.035 гэсэн утгыг хэрэглэхийг зөвлөсөн байх жишээтэй. Харин тахиралт ихтэй, том чулуу хайрга, бул чулуу бүхий ширүүн урсгалтай Бодончийн хавцлын хувьд гулдрилын адраашлыг хэвгий болон, гидравлик радиусаас хамаарсан эмпирик аргаар (Jarret, 1984) тооцон энэхүү тооцоонд хэрэглэсэн болно.

            Түвшин-өнгөрөлтийн хамаарал байгуулах түвшинг хээрийн хэмжилт судалгааны үеэр хэмжсэн хяналтын өнгөрөлтийн түвшнээс эхлэн хатуу хучилттай замын гадарга хүртэл өндөрт сонгосон ба түвшнийг хөндлөн зүсэлтийн хэлбэр хэмжээнээс хамааруулан усан огтлолын талбайн хэмжээ болон хэлбэрийн тодорхой өөрчлөлтүүдийг харгалзсан болно (06 дугаар зураг).

 Голын сав газрын болон голын дүрс зүйн үзүүлэлтүүдийг ГЗМС-ийн аргаар тооцож, Бодонч голын горим, нөөцийг Бодонч-Алтай харуулын олон жилийн ажиглалт хэмжилтийн мэдээгээр тооцсон болно.

Судалгааны үр дүн

2015 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Бодончийн хавцлаар онцгой гамшигт үер өнгөрч, хавцлыг дагуулан барьж байсан хатуу хучилттай замын даван хальж, замын зарим хэсгийг эвдэн сүйтгэж, замын ажлын хараахан барьж дуусаагүй хэсэгт ажил үргэжлүүлэх боломжгүй болгож улмаар Алтай сумын чиглэлд байсан ус судлалын Бодонч-Бодонч харуулын зарим төхөөрөмжүүд үерт урссан алдагдсан болно. Энэ үерийн үед Бодончийн хавцлын зарим хэсэгтБодонч голын гулдрил үерийн усаар дүүрсэн байдал ажиглагдсан байна. Хамгийн ойрхон Мөнх хайрхан өртөөний мэдээгээр VI.27-30-ны өдрүүдэд 42.4 мм хур тундас орж, үүнээс 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд  38.0 мм орсон бол Алтай суманд 7.4 мм орсон байдаг.

Бодончийн хавцлын дагуу тавьсан хатуу хучилттай замын дагуух 25 км орчим хэсгийн үерийн их өнгөрөлтийг нарийвчлан тооцох зорилгоор замын компанийн тавьсан хүсэлт хийгээд байгуулсан гэрээний дагуу нийт 14 чиглэлд үерийн их өнгөрөлт тооцох хээрийн хэмжилт судалгааг 2015 оны 9 дүгээр сарын 12-20-ны хугацаанд гүйцэтгэсэн болно. Хээрийн хэмжилтийн үеэр Бодончийн хавцлын голын гулдрилын чиглэл, тахирлалт, зам тавьсан, огтолсон байдал зэрэг ерөнхий байдалтай танилцан зураглаж, тогтсон чиглэлд хөндлөн зүсэлт болон хэвгий нивелирдэж, хяналтын өнгөрөлт хэмжсэн болно. Түүнчлэн Бодончийн хавцалд байрших ус судлалын ажиглалт хэмжилтийн улсын сүлжээний харуул болох Бодонч-Бодонч харуулын байдалтай танилцан, шалган туслах ажил хийж, ажиглагчид заавар зөвлөлгөө өгсөн болно.

Хөндлөн чиглэлүүд орчим хэмжиж, тооцсон хэвгийн хувьд дунджаар 0.011 байх ба ерөнхийдөө хавцлын адаг руу хэвгий багассан хандлага бий. Бодончийн хавцлын энэхүү хэсэгт Бодонч голын гулдрил хайрга чулуу, бул чулуу, зарим хэсэгт мод, бут бүхий эрэгтэй, зарим тодорхой чиглэлүүдэд замын үерийн хамгаалалтын далангаар хязгаарлагдан, шахагдсан байдалтай байна. Хайрга, бул чулууны хэмжээ зарим тохиолдолд 50-60 см түүнээс дээш  хэмжээтэй байна. Урсгалын хурд их тул явганаар хэмжилт хийхэд хүндрэлтэй бөгөөд 1.0 дээших гүнд явган хүн урсах нөхцөлтэй болно.

Хэвгий 0.0054-0.032 Хөндлөн чиглэл бүр дээр хяналтын өнгөрөлт хэмжиж боловсруулсан болно. Өнгөрөлтийг урсгалын хурд хэмжүүр (VE-10, Kenek company), хурд-талбайн аргаар хэмжиж,  боловсруулав. Голын өргөн дээрх чиглэлүүдэд 7-90 м хүртэл хэлбэлзэх ба дунджаар 30 м болно. Их гүн зарим чиглэлд 1.0 м-ээс давна. Өнгөрөлт хэмжих үеэр Бодонч гол харьцангуй элбэг устай, Бодончийн хавцалын дагуух хийсэн хяналтын өнгөрөлтийн дундаж ойролцоогоор 5.0 м3/сек буюу олон жилийн дунджаас 2-3 дахин ахиу урсацтай байлаа. Бодончийн хавцлын хэсгийн голын урсгалын их хурд 1.45 м/сек хүрч байна.

Ус судлалын харуулын чиглэлд хэмжсэн хяналтын өнгөрөлт хэмжсэн 3.66м3/сек байсан ба энэ нь Бодонч голын олон жилийн дунджаас бараг 2 дахин ахиу байлаа. Харуулын чиглэлд түвшин-өнгөрөлтийн хамааралыг шинээр  байгуулан, Шезийн аргаар үерийн өнгөрөлт тооцсон болно.

 

01 дүгээр хүснэгт. Хээрийн хэмжилт судалгааны үер хэмжсэн хяналтын өнгөрөлт

Ус судлалын Бодонч-Алтай харуул, Н, м

F, м2

J, %o

h, м

n-тооцсон

V, м/сек

Q, м3/сек

B, м

1550.13

1.82

0.00396

0.74

0.0410

0.70

3.66

7.0

Дээрх зарчмаар чиглэл бүр дээр өндөр, гүн, хэлбэр хэмжээг харгалзан 5-8 цэг сонгон, сонгосон түвшин бүрт усан огтлолын талбай, голын өргөн, дундаж гүн зэрэг гулдрилын параметрүүдийг тооцсон болно. Түвшин бүрт Шезийн аргаар голын өнгөрөлтийг тооцон, түвшин өнгөрөлтийн хамаарлын муруй байгуулав. 

Энэхүү судалгаа тооцооноос үзэхэд Ус судлалын Бодонч-Алтай харуулын чиглэлээр энэ их үерийн үед урсгалын хурд 2.80 м/секхүрч, үерийн их өнгөрөлт 120-130 м3/сек байх магадлалтай байна. Энэ харуулаар ажиглалт хэмжилт хийсэн 30 гаруй жилд тохиосон их өнгөрөлтөөс даруй 4-5 дахин их байж, үнэнхүү түүхэн гамшит үер болж өнгөрснийг илтгэж байна. Ус судлалын харуул орчим усны түвшин 1.5-2.0 м нэмэгдсэн болно. Хавцлын дагууд малчид, айл, суурин, дэд бүтцийн барилга байгууламж үндсэндээ байх тул үерийн хохирол гэж төдийлөн гараагүй харин зам барьж ашиглалтад өгөх дөхөж байсан компанийн хувьд тодорхой хохирол амсаж, ажил ихээхэн саатсан болно.

Дүгнэлт

 

  • Энэхүү судалгаа тооцооноос үзэхэд Ус судлалын Бодонч-Алтай харуулын чиглэлээр энэ их үерийн үед урсгалын хурд 2.80 м/секхүрч, үерийн их өнгөрөлт 120-130 м3/сек байх магадлалтай байна. Энэ харуулаар ажиглалт хэмжилт хийсэн 30 гаруй жилд тохиосон их өнгөрөлтөөс даруй 4-5 дахин их байж, үнэнхүү түүхэн гамшит үер болж өнгөрснийг илтгэж байна.

 

  • Бодончийн хавцлын эхэнд буюу ууландаа хур тунадасны автомат багаж суурилуулан хур тунадасны байнгын ажиглалт хэмжилт зохион байгуулах

 

  • Уг харуул горимын ажиглалт хэмжилтийн үйл ажиллагаа нь хатуу хучилттай зам баригдах урьдчилсан судалгаа болон зам барих явцад гулдрил өөрчлөх, харуулын дээр, доор хаах, боогдох зэргээр ажиглалт, хэмжилт хийхэд ихээхэн доголдож, саатах болж, улмаар Бодонч голын байгалийн горим алдагдаж, өмнөх 30 гаруй жилийн горимын үнэтэй мэдээ материалыг үргэлжлүүлэхэд хүндрэл учирч эхлээд байна. Ер нь замын ажилтай холбогдон газар чөлөөлөх үүднээс тус харуулын реперийг голын баруун эргээс зүүн эрэгт нүүлгэж байрлуулах зэргээр энэхүү харуул хөндөгдөж эхэлсэн ба зам барьж буй компани болон Ховд аймгийн УЦУОША-ын хооронд уг харуулыг тогтвортой ажиллуулж, тохижуулах талаар гэрээ хэлцэл хийсэн боловч одоо хүртэл хэрэгжээгүй байна. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд зам барих ажлын явцад зам барьж буй компаниас ус судлалын харуулын төхөөрөмжийг удаа дараа дарах, хөдөлгөх зэргээр харуулын ердийн үйл ажиллагааг саатуулж байсан ба хамгийн сүүлд энэхүү судалгаа хийх ус судлалын Бодонч-Бодонч харуулын түвшний хэмжилтийн шонгуудыг хайрга шороогоор дарж түрэн устгаж, горимын ажиглалт хэмжилт хийх боломжгүй болгож, харуулын чиглэл дэх голын хөндлөн огтлолыг өөрчилсэн болно. Өөрөөр хэлбэл 2015 оны 9 дүгээр сарын 15-ны 20 цагаас хойш улсын сүлжээний ус судлалын Бодонч-Бодонч харуул дээр горимын ажиглалт хэмжилт хийх боломжгүй болож 3-4 өдрийн ажиглалт хэмжилт тасарсан болно. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Бодончийн хавцлын дагуух тодорхой чиглэлд хийсэн хөндлөн зүсэлт, улмаар тооцсон өнгөрөлтийг ус судлалын Бодонч-Бодонч харуулын мэдээ материалтай уялдуулах боломжгүй болсныг тэмдэглэе.

Ном зүй

 

  1. Монгол орны гадаргын усны горим, нөөц (Ред Г.Даваа), УЦУОХ, Улаанбаатар, 2015
  2. Алтай сумын уур амьсгалын өөрчлөлт (Ж.Ганбаяр), Ховд УЦУОШТөв

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Мөнххайрхан сумын 2010-2015 оны цаг уурын зарим элементийн судалгаа 2016-11-08 1970-01-01 1087
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2 2016-11-08 1970-01-01 1122